Есөн Эрднийн тулга
Монгол түүх, тэнгэр шүтлэг, дархны ур ухааны илэрхийлэл
Урласан хугацаа: 5-6 жил
Материал: Ган болон төмөр
Бүтээлийн бэлгэдэл, утга агуулгын нэгдсэн тайлбар
Энэхүү түүхэн бүтээл нь монголчуудын тэнгэр шүтлэг, байгаль дэлхийн хүчний тухай үзэл санаа, төр улсаа батжуулах мэргэн ухаан, эр зориг, эв нэгдлийн бэлгэдэл болсон Монгол соёлыг нэгэн цогц бүтээлд шингээсэн, гүн гүнзгий утга агуулга, бэлгэдэл бүхий өвөрмөц бүтээл билээ.
Хас хээтэй гурван давхар тойрогт 33 тэнгэрийг байршуулж урласан, нийт 99 тэнгэрийг илэрхийлсэн уг бүтээл нь орчлон ертөнцийн мөн чанар, дээд тэнгэр – хүн – байгаль хэмээх гурван их оршихуйн тэнцвэр, шүтэлцээг бэлгэдэн харуулна. Байгалийн гурван язгуур хүч болох гал, салхи, усыг уран хээ угалзаар дүрслэн, тэдгээрийг чагтаар чагтлан нэгтгэсэн зохиомж нь Монгол төрийн бат оршихуй, мандан бадрал, эв нэгдлийн хүчийг илэрхийлсэн бэлгэдэлтэй. Чагт нь Монгол дархны оньсон угсармал хийцийн гайхамшиг бөгөөд бүтээлийн бүх элементийг салгаж, дахин угсрах боломжтой бүтэц нь уламжлалт ухаан, залгамж холбоо, дахин сэргэлтийн чадамжийг илтгэнэ.
Бүтээлд шингэсэн 9 хас тэмдэг нь Их эзэн Чингис хааны есөн өрлөгийн бэлгэдэл төдийгүй монгол цэргийн эв нэгдэл, эрэлхэг зориг, тууштай шийдлийн илрэл юм. Харин хөх хуяг нь Монголын Их цэргийн бат бэх хамгаалалт, цохилт тэсвэрлэх увидас, тэнгэрийн ивээлтэй хүч чадлыг илтгэн, бүтээлийн нийт утга агуулгыг улам баяжуулсан.
Ийнхүү бүтээл нь бүхэлдээ тэнгэрийн ивээл, байгалийн хүч, монгол хүний эр зориг, уламжлалт инженерийн ур ухаан, төр улсын бат суурь хэмээх утгыг нэгэн цулд шингээсэн сүлд, бэлгэ тэмдэг бүхий зохиомжоор урласан юм.
ӨЛЗИЙ ХЭЭНИЙ ДҮРСЛЭЛ
Зургаан наст соёолон морь нь идэр хүч, бяр чадал, тэнхээ тамир, хийморь сүлдээрээ бусад насны мориноос ялгардаг учраас өлзий хээний дүрслэлд давхиж буй соёолон морийг дээрээс нь харсан байдлаар урласан байдаг. Өлзий хээ нь дотроо 10 нүхтэй бөгөөд эдгээр нь 10 тамын хаалгыг хаахыг бэлгэддэг. Мөн өлзий хээг тодорхой дүрстэй хослуулан урлах нь элбэг дүүрэн нар мэт гэрэлтэн, аз жаргал, сайн сайхан амьдралыг бэлгэддэг. Энэ уламжлал нь түүхэнд “Өлзий Төмөрхаан” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Өлзий хээ нь аз жаргал, өлзий буян, тэнгэрийн ивээл, эв нэгдэл, гэр бүлийн бат холбоо, уртын ерөөлийн бэлгэдлийг нэгэн дор төвшин шингээн харуулдаг.
ДООД ХЭСГИЙН 3 СУМ
Гурван аянгын сум нь галын хүч, уулсын сүр хүч, ариусал, хамгаалалтыг илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн–одоо–ирээдүй хэмээх цаг хугацааны мөнхийн холбоог бэлгэддэг. Монголчуудын ойлголтоор сум нь зэвсэг төдийгүй үнэнч зориг, шударга ёсны дуу хоолой, ард түмнээ хамгаалах андгай, тангараг билээ. Энэ утгаар сум нь тухайн бүтээлийн доод суурийг бат бөх үндэс болгож, бүтээлийн бүх утга санааг нэгтгэн тодотгодог.
Доод хэсэгт байрлах гурван аянгын сум нь галын хүч, сүр жавхаа, ариусал, хамгааллыг илтгэнэ.
ГАРИГ ЭРХСИЙН 9 ХҮЧ
Төв хэсэгт буй гараг эрхсийн есөн хүч нь орчлонгийн бүтцийн зохион байгуулалт, байгалийн үндсэн элементүүдийн харилцан уялдааг илтгэн, гал, ус, шороо, салхи, уул, нар, сар, од, тэнгэрийн хүч нь дотоод ба гадаад ертөнцийн жам ёс, тэнцвэртэй оршихуйг гэрэлтүүлдэг бөгөөд 3 гал, 3 ус, 3 шороо хэмээх өнгөний зохицуулалт нь ерөнхий орчлонгийн гурван язгуур зарчим — галын эрчим, усны эрчим хүч, газрын тогтвортой байдлыг тэнцвэртэйгээр илэрхийлдэг.
Гараг эрхсийн 9 хүчийг илэрхийлсэн бөгөөд 3 гал, 3 ус, 3 шороон өнгөөр дүрсэлсэн
Гал, салхи, ус зэрэг байгалийн амин чухал хүчийг уран хээ угалзаар дүрсэлсэн
ГАЛ, УС, САЛХИНЫ УРАН ХЭЭ ДҮРСЛЭЛ
Галын дөл мэт нумарсан хээ нь хүний амьдралын эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүллийг илтгэх бол, салхины хээ нь хувь тавилан, бодол санааны өөрчлөлт, хөдөлгөөнийг тодорхойлдог.
Усны хээ нь амьдралын эх, амин сүнсний тэтгэмжийг илэрхийлнэ. Эдгээр гурван хүчний хээ нэгэн биед уусаж шингэснээр хүн, байгалийн салшгүй нэгэн цул оршихуй болохыг сануулж, амьдралын зохилдлого, эв эе, тэнцвэрийг тодотгож өгдөг.
Энэ хээний утга агуулга нь нэгэн үндэстэн оршиж, улс орон мандан бадрахын тулд байгаль дэлхийтэйгээ зохирол бий болгох нь чухал гэсэн гүн ухааны агуулгыг илэрхийлж буй юм.
99 ТЭНГЭРИЙН БЭЛГЭДЭЛ
Монголчуудын тэнгэр шүтлэгийн гүн ухаанд тэнгэрийн ивээл нь төрийн сүр хүч, амжилтын язгуур эх булаг хэмээн ойлгодог.
Тэгвэл 99 тэнгэрийн дүрслэл нь орчлонгийн дээд ба доод ертөнцийн хоорондын тэнцвэр хийгээд тасралтгүй үргэлжлэх хүмүүний амьдрал тэнгэрийн хуульд хэрхэн захирагдаж оршин байгааг илтгэн харуулдаг.
Энэ бэлгэдэл нь монголын уламжлалт төрийн онолын төвд оршиж, хаан төрийн оршихуйг тодорхойлж, төрийн сүр хүч, амжилт, ард түмний эв эе, нэгдмэл байдлыг бэхжүүлэх гүн ухааны онцгой бэлгэдэлтэй юм.
99 тэнгэрийн дүрслэл нь монголчуудын тэнгэр шүтлэгийн гүн ухаан, орчлонгийн барилдлага, дээд ба доод ертөнцийн тэнцвэр, зохилдлогыг бэлгэддэг. Энэ нь хүн ба байгаль, орчлон ертөнц, өнгөрсөн, одоо, ирээдүйг харуулсан амьдралын жам ёсыг тэнцвэрийн чанарыг илэрхийлдэг.
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ 9 ӨРЛӨГ ЖАНЖИН
9 өрлөгийг хас тэмдгээр бэлгэдэн дүрсэлсэн нь монголчуудын эв нэгдэл, цэргийн зохион байгуулалтын хүч, цэрэг, төрийн удирдлагын ухааныг тодорхой илтгэнэ.
Өрлөг жанжин бүрийн үнэнч зүтгэл, эрэлхэг зориг, төмөр мэт сахилга бат нь дэлхийн түүхэнд гайхагдах агуу их гүрнийг цогцлоосон билээ.
Иймээс энэхүү бэлгэдэл нь монгол төрийн түүхэн хүч чадал, залгамж холбоо, удирдлагын соёлын мөнхийн бэлгэдэл болон үеэс үед хадгалагдан ирсэн онцгой утгатай бэлгэ тэмдэг юм.
Монгол төрийн түүхэн их бэлгэдэл болох Их эзэн Чингис хааны 9 өрлөг жанжныг 9 хасаар дүрслэн урлав.
ХӨӨ ХУЯГ – ИХ ЦЭРГИЙН БАТ БЭХ ХАМГААЛАЛТ
Хөх өнгө нь монголчуудын хувьд тэнгэрийн ивээл, цэвэр ариун хүч, шударга ёсны бэлгэдэл бөгөөд мөнх тэнгэрийн дор орших монгол хүний сэтгэлийн бат бөх чанарыг илтгэнэ. Эртний дайчдын хэрэглэж байсан хөх хуяг нь цохилтыг сааруулж, дайсанд сөхрөхгүй эр зориг, эв нэгдлийг бэлгэдсэн онцгой хийцтэй бөгөөд Эрдэнийн тулганы бүтээлд оруулснаар хүний сэтгэл зүтгэл, эрэлхэг зориг, эв нэгдэл, эх орноо хамгаалах хүч чадлыг дүрслэн харуулсан, бэлгэдлийн гүн утга агуулгатай бүтээл болсон.
Энэхүү бүтээлд
• Монгол хүний халдашгүй дархан байдал,
• Эх орноо хамгаалах эр зориг, сэтгэлийн хат,
• Мөнх хөх тэнгэрийн ивээл дор өргөсөн бат тангараг
гэсэн утга агуулгыг багтаасан. Түүнчлэн Их Монголын цэргийн сүр хүч, нарийн зохион байгуулалт, эх орноо хамгаалах ур ухааныг бэлгэддэг. Ийнхүү хөх хуяг нь зөвхөн хуягийн хийц төдийгүй бүтээлд монголын цэргийн хүчирхэг оршихуй, эв нэгдэл, зориг, тэсвэрийн гол дүрслэлийг шингээсэн онцлогтой юм.
ЧАГТ
Чагт нь монголчуудын уламжлалт угсармал оньсон бэхэлгээ бөгөөд эд анги бүрийг задлан салгаж, дахин угсрах боломжтой хийцтэй. Энэхүү бүтээлд чагтыг ашигласнаар бүх хэсгүүдийг нэгэн цул мэт нягт холбож, монгол дарханы ур ухаан, инженерийн нарийн шийдлийг тодорхой илтгэдэг.
Тулгын гүн утгатай хослуулан уялдуулснаар тулга нь гал голомтыг бадраан бэхжүүлдэг бол чагт нь бүтээл доторх бүх хэсгийг бэхлэн нэгтгэн, гэр бүлийн бат суурь, улс үндэстний эв нэгдэл, үе дамжин тасрахгүй залгамж холбоог бэлгэддэг. Ийнхүү чагт нь нарийн техник хийцтэй төдийгүй монгол хүн сорилт бүрийг давж, дахин сэргэх чадвартай болохыг харуулсан бэлгэдлийн илэрхийлэл болж өгдөг
Чагт нь Монголын уламжлалт нарийн хийцтэй угсармал оньсон дүрслэл бүхий бүтээл.
ЭРТНИЙ ОЛДВОРЫН БЭЛГЭДЭЛ
Энэхүү бүтээл эртний олдворын хэлбэр загварыг хадгалсан нь өвөг дээдсийнхээ
• амьдралын зам мөр,
• ур ухаан, мэргэн оюун,
• зан заншил, шүтлэг бишрэл,
• урлагийн өвөрмөц дүрслэл
зэргийг өнөө цагт өвлүүлэн уламжлуулан авч ирэх зорилготой уг бүтээл нь өнгөрсөн цаг хугацааны түүх, өнөөгийн танин мэдэхүй, ирээдүйн залгамж холбоог нэгэн биед шингээсэн “амьд өв”-ийн бэлгэдэл юм.
Эртний олдвор, эдлэлийн хээ даруулга бүрд өвөг дээдсийн ур ухаан, амьдралын зам мөр, соёл зан заншлын гүн бэлгэдэл шингэсэн байдаг. Тэдгээр нь өнгөрсөн түүхээ хадгалан авч үлдэх, эргэн дурсахын зэрэгцээ түүнээс суралцаж ухаарах учиг, ирээдүйд зөв чиглэн амьдрахын гүн утга бэлгэдлийг агуулдаг
ҮНЭТ ЧУЛУУНЫ БЭЛГЭДЭЛ
Есөн эрдэнийн тулганы сууринд шигтгэсэн Цагаан шүр, Мана, Ногоон хаш, Чүнчигноров зэрэг нийт 36 үнэт чулуу нь өөр өөрийн онцгой энергийг нэгтгэн, ариусал, халдашгүй хамгаалал, эв нэгдэл, элбэг баян, ерөөл буян, мөн төр улсыг баттай тогтоох суурь хүчийг бэлгэддэг.
Эдгээр чулуу нь байгалийн өгөгдсөн цог хийморийн энергийг бүтээлийн төвд шингээж, Монгол төрийн гал голомт үргэлж бадран мандахын ерөөл утгыг тодорхой илэрхийлдэг.
Тулганы сууринд шигтгэсэн Цагаан шүр, Мана, Ногоон хаш, Чүнчигноров зэрэг нийт 36 үнэт чулуу нь цэвэр ариун чанар, аюулгүй байдлыг сахин хамгаалах чадвар, эв нэгдэл, элбэг хангалуун, ерөөл буян, төр улсын бат бэх суурийг бэлгэддэг.
БАМБАЙ ХАМГААЛАЛТ
Тулганы Бамбай дүрслэл бүхий хэсэг нь монголчуудын эртний цэрэг дайны ур ухаан, байлдааны стратеги, улс орноо хамгаалах тэмцэл, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой. Бамбай нь зөвхөн дайснаас бие хамгаалах хэрэгсэл төдийгүй гэр бүл, үр хүүхэд, нутаг ус, ард түмнээ хамгаалах сэтгэлгээг бэлгэддэг билээ. Бүтээлд байрлах бамбайн утга нь:
• Муу муухай хүчнээс хамгаалах дархлаа,
• Дайран ирэх дайсныг няцаах эр зориг,
• Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл
гэсэн санааг тодорхой илэрхийлнэ.
БАРИУЛ
Бариул нь гүн бэлгэдэл бүхий хийцтэй төдийгүй биед угсарч зангидсан хээг даган мушгиралдсан хэлбэртэй. Энэхүү бариул нь монголчуудын эв нэгдлийн оосор, хүч баттай барилдлагын бэлгэ тэмдэг юм.
Түүний толгой хэсэгт холбосон чагт, түгжээт адил нийлмэл хийц нь эд анги бүр нэг нэгнээ нөхөж байж бүтээлийн бүхэл бүтэн бүтэц бүрэлддэгийг харуулна. Энэ нь:
• Нэг хүн бус олон хүний хүчээр улс орон батжин тогтдог,
• Нэгэн зангилаа сулрахад бүхэл бүтцэд нөлөөлдөг,
• “Эвтэй бол хүчтэй” гэдэг монголчуудын эртний гүн ухааны илэрхийлэл юм.
Мөн бариулын мушгиралдсан хэлбэр нь хүний хувь тавилан, амьдралын урсгал, төр түмний холбоог тасралтгүй үргэлжилж буйг бэлгэднэ. Ийнхүү мушгиа бариул нь зөвхөн гар хүрэх хэсэг төдийгүй монгол хүний эрдэнийн чанар болох хичээл зүтгэл, бат холбоо, амьдралын эрчмийг тодорхой, уран гоёмсог илэрхийлсэн түүхэн утга бүхий хийц юм.
УГАЛЗАН ХЭЭ
Энэхүү угалзан хээ нь төв хэсэгтээ зангилаа мэт төвлөрч, тэндээсээ дөрвөн зүгт тэлэн дэлгэрэх зохиомж дүрслэл нь монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт гүн ухаанд чухал байр суурь эзэлдэг. Ард түмний эв нэгдэл, зохилдлого, тасралтгүй хөгжин цэцэглэхийн бэлгэдэл юм.
Мушгиралдсан нуман дүрслэл бүхий тасралтгүй угалзрах хээний дүрслэл нь амьдралын эргэлт, дөрвөн улирал ээлжлэн солигдох цаг хугацааны тасралтгүй хөдөлгөөнийг илэрхийлж, хүн төрөлхтний амьдралын бүх үйл явцын үргэлжлэл, тэвчээр, залгамж холбоог нарийн мэдрэмжтэй илэрхийлж буй юм.
Хээний бүх нарийн холбоос, хэсгүүд нь харилцан, тасралтгүй холбогдсон дүрслэлтэй, энэ нь хамтын хүч, гэр бүл, овог аймаг, нийт улс үндэстний нэгдмэл оршихуйн бэлгэдэл болж, жижиг нарийн зураас, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлэмжүүд нь нэгэн том цул бүтцийг бүтээж буйг угалзан хээгээр тодорхой илтгэн харуулдаг. Ийнхүү угалз бүр зөвхөн гоёл чимэглэлийн хийц төдийгүй хамгаалалтын энерги, ариуслын бэлгэдэл, хийморь сүлдийг өргөх нарийн утга агуулсан байдгаараа чухал ач холбогдолтой бүтээл болсон билээ.
ТЭМДГИЙН БЭЛГЭДЭЛ
Энэхүү дүрслэлд дугуй дотор байрласан гурвалжин тэмдэг бүхий хослол нь орчлонгийн зогсолтгүй хөдөлгөөн ба тогтвортой байдал, тэнцвэрийг илэрхийлдэг. Орой хэсэг дээш чиглэсэн гурвалжин нь галын эрчим, өсөлт, зориг, тэнгэр рүү тэмүүлэх хүчийг бэлгэдэж, хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл, хүсэл тэмүүлэл, хийморь, оюун санааны хүч гэсэн утга агуулна. Харин дугуй хэлбэр нь орчлонгийн төгс зохицол, цаг хугацааны мөнхийн эргэлт, амар амгалан, эхийн энерги, хамгааллын хүчийг төлөөлдөг.
Эдгээр хоёр дүрс нэгэн төвд уусан холбогдсоноор галын дээшлэх хөдөлгөөн ба дугуйн тогтвортой тэнцвэрийг нэгтгэн, бүтээлд амьдралын өрнөл ба амар амгалан, зогсолтгүй хөдөлгөөн хийгээд тогтвортой байдлын зохиролтой оршихуйг бэлгэдсэн байна.